Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Номын баяр”-ыг зохион байгуулагч "Номын соёлт ертөнц" ТББ-тай харилцан зөвшилцөж хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Энэхүү санамж бичиг нь жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд тэмдэглэдэг “Номын баяр”-ын хүрээг өргөжүүлж, тус баярын уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодын олон нийтэд түгээн таниулах зорилготой юм. МОНЦАМЭ агентлаг нь 5 хэлээрх www.montsame.mn вэб сайт, дүрст болон гэрэл зургийн мэдээ,
7 хоног тутмын англи хэлээрх “Mongol messenger”, хятад хэлээрх “Мэнгү Шяошибао”, орос хэлээрх “Новости Монголии”, япон хэлээрх “Монгорү цүүшин” зэрэг сонинд тухайн цаг үед хамруулан тусгай булан гаргаж зарлал, сурталчилгаа нийтэлж байх юм. Мөн гэрээт байгууллагаас мэдээлэл солилцох, мэдээллийг тухай бүрт нь өөрийн бүх сувгаар сурвалжилж, олон нийтэд түгээн таниулна.
Харин Номын соёлт ертөнц ТББ-аас үнэн зөв, баримт бүхий мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд “Номын баяр”-ын өдрүүдэд МОНЦАМЭ агентлагийг мэдээллийн ивээн тэтгэгчээ болгож хамтран ажиллана. Энэхүү санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд болон хоёр талын менежер гарын үсэг зурсан юм.
Дашрамд сонирхуулахад, "Номын соёлт ертөнц" ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг тэмдэглэдэг бөгөөд 2018 онд 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулсан байна. www.montsame.mn