2005 онд номд дуртай залуус нэгдэж Монголд анх удаа номын мэдээллээр дагнасан “Номын ертөнц” нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч, уншигчдад хүргэх болсноор бидний түүх эхэлсэн. Энэ цагаас хойш номын салбарт 19 жил тогтмол үйл ажиллагаа явуулахдаа С1, UBS, ТВ9 телевизийн дэлгэцээр нийт 740 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэжээ.

.

Тус нэвтрүүлэг 2018 оноос хэлбэрээ өөрчилсөн ч нэвтрүүлгийг даган дуурайсан контентууд бүтээгдэх болсон бөгөөд бид ч нэвтрүүлгээ олон дүү дагууллаа хэмээн бэлгэшээдэг. Бид одоогоор нэвтрүүлгээ түр зогсоож, "Номтой болзоо" сошиал контент дээрээ төвлөрөн ажиллаж байна.

Номд дуртай бидний хэдэн залуусын энгийн хүсэл сонирхол яван явсаар, хөгжин дэвжсээр жил бүр Д.Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр”-ыг санаачлахад хүргэсэнг та мэдэх үү. Баярын санаачлагч "Номын ертөнц" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувд юм. Зөвхөн нэвтрүүлгийн багийн залуус анхны баяруудыг зохион байгуулж байсан бол одоо чиглэл тус бүрээ хариуцсан залуусаар эгнээгээ тэлжээ.

2007 онд “Номын соёлт ертөнц” ТББ байгуулан нийгэмд хандсан үйл ажиллагаагаа өргөжүүлж "Ном бол..." лекц, зохиолч-уншигчдын уулзалт, номын клубын уулзалт, "Амттай 50 ном" уралдаан, "Редактор" клубээс "Ном бичихэд бэлэн үү" сургалт, ЕБС-иудаар "Уран зохиол уншихын ач тус" лекц, "Номын баярын аялал" зэрэг өргөн хүрээтэй ажлуудыг хийх болсон. Тэр дундаас зохиолч уншигчид номд шимтэгчдийн дунд хүлээлт үүсгэн хамгийн өргөн цар хүрээтэй болдог үйл ажиллагаа бол Үндэсний болон Улаанбаатар номын баярын өдрүүд юм.

2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч  энэ өдрүүдийг дэмжиж "Номын баярын өдрүүдийг тэмдэглэх тухай" 158-р зарлигаа гаргаж байв. Мөн 2019 онд УИХ-ын гишүүн А.Ундраа номын баярын өдрүүдийг хуульчлахыг дэмжиж, хууль санаачилсан боловч тухай үеийн парлатентийн гишүүд дэмжээгүй. Гэхдээ 2020 онд шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүд дэмжсэнээр  2021 оны 7-р сарын 2-ний хурлаар хэлэлцэгдэж, Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх, тэмдэглэлт өдрийн хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулж, нийтээр тэмдэглэдэг тэмдэглэлт 15 өдрийн нэг болсон юм. Тус өдрийг "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" хэмээн хуульд оруулж, хавар, намрын буюу 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүд гэсэн тогтсон хугацаанд улс орон даяар тэмдэглэх болжээ.

Номын баярын хүрээ тэлэх тусам төрийн байгууллагын зүгээс үйл ажиллагааг булаацалдах, зохион байгуулалтад саад учруулах зэргээр элдэв бэрхшээл, дарамтыг тасралтгүй үзүүлж байв. Төрийн нэрийг барьсан дээд, дунд шатны албан хаагчдын хүнд сурталыг эсрэг номынхон хэд хэдэн удаа хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байдаг бөгөөд энэ асуудлаа УИХ-ын даргад өргөн барьснаар 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт анхаарал хандуулж, "Өдөр бүр 5 хуудас уншъя" уриалгыг гаргаж, баярыг зохион байгуулахад гойд анхаарч, ивээл дор гэсэн нэрээр хамгаалж эхэлсэн юм. Энэ нь зөвхөн нөлөөллийн дэмжлэг байгаад зогсохгүй баярын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж "Мэргэн ном" цом, "Номын сайн нөхөр" улсын уралдаан зэргээр үйл ажиллагааг баяжуулав.

Хавар, намар номын баярыг тогтмол зохион байгуулж зохиолчдыг идэвхижүүлж, уншигчдыг урамшуулах, нийтийн уншлагыг дэмжих, нийгэмд ном унших оюуны соёлыг түгээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна. Одоогоор номын баяр Улаанбаатар хотноо нийт 36 удаа зохион байгуулж байгаагаас гадна Эрдэнэт хотноо 3, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр аймгуудад бид очиж ажиллаад байна. Хэдийгээр бид 21 аймагтаа ажиллаагүй ч хуулийн хүрээнд бүх аймгуудад нэгдсэн мэдээлэл, постер, урилгыг түгээснээр номын баяр аймаг бүрийнхээ төв талбайд нэгэн зэрэг тэмдэглэдэг болсон билээ.

Мөн бид номын ертөнцийн мэдээ мэдээлэл, санал санаачлагаар түүчээлсэн "Ном бол...", "Номын ертөнц" сэтгүүлийг эрхлэн гаргаж ном сонирхогчид болон орон нутгийн номын сангуудад үнэгүй хүргэдэг. Өдгөө сэтгүүлийн 25 дугаар уншигчдад хүрсэн бөгөөд бидний гаргасан санал санаачилга бодит биеллээ олсоор буй нь талархалтай. 

“Номын соёлт ертөнц” ТББ номын хандив, бэлэг, номыг хүргэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Эхэндээ зөвхөн нэвтрүүлгийн хүрээнд шинэ он солигдохын өмнө өвлийн өвгөн, цасан охин уншигчид, ном бүтээгчидтэй уулзан номтой бэлгээ барьдаг байв. Бидний гараас номын бэлэг авч урамшсан хүүхэд залуус номын сайн нөхөр болсон гэдэгт бид итгэдэг. Харин одоо нийгмийн эд эс болсон зорилтот хэсгүүдийг сонгон хандиваа хүргэдэг болсон.

Мөн нэвтрүүлэг болон бусад үйл ажиллагаандaa өсвөр насны сурагчдын "Номын ертөнц" клубээ тогтмол оролцуулж, ирээдүйн гуманистуудыг бэлтгэх, чиглүүлэхээр чин зорилготой тавин ажиллаж байна.

Бид номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, түүчээлэн ажиллаж буйдаа урамшдаг. Номын худалдааны эргэлт, уншилт нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд том хувь нэмэр оруулахаар үйл ажиллагаагаа судалгаагаар баталгаажуулж, алдаа оноогоо дэнслэн урагшилж буй. Бид цаашид номын баяраа Олон улсын нэр хүндтэй, өргөн хүрээтэй баяр болгохоор хичээн ажиллацгааж байна.

Арван есөн жилийн өмнө буурь суурьтай ахмад насныхан л ном ярьдаг байсан бол одоо номын ертөнц залуусаар хүрээгээ тэлэн өргөжжээ.

Ном бол бүтээлч сэтгэлгээний эх булаг.

www.bookworld.mn, www.ubbookfair.com

bookworldngo@gmail.com, info@ubbookfair.com

Харилцах утас: 96962686, 90004241

Facebook: Номын ертөнц, Ubbookfair