Эрдэнэтийн оюунлаг залуустай уулзлаа

Би орон нутагт буюу Эрдэнэт хотноо анх удаа "Гадаад хэл төгс сурахуйн нууц" лекцээ уншлаа. Энэ хотод анх удаа болсон номын баярт оролцож уран бүтээлийнхээ дээжээс дэлгэлээ.

Үнэндээ шинэ газар оронд иймэрхүү арга хэмжээнд оролцоход сэтгэлзүйн хувьд жаахан зовниж байна лээ. Лекцийн тухайд танхим дүүргэхээр хүн ирэх болов уу? Номын баярт тэр холоос зорин ирээд худалдан авагч нар ирдэг байгаа даа гэх мэт.

Гэтэл лекцэн дээр цаг эхлэхээс өмнө залуус танхим дүүрэн сууж, бүтэн лекцийн хугацаанд анхааралтай сонсохын зэрэгцээ маш өвөрмөц агаад өргөн хүрээтэй асуулт тавьж байсан нь хүмүүсийн сэтгэлд хүрсэний илрэл болов уу гэж бодож байна.

Номын баяр дээр ч гэсэн олон арван уншигч манай асрыг зорин ирж бүхий л төрөл зүйлийн ном тэр дундаа дөнгөж шинээр худалдаанд гарсан "Хувраг бүжиг" бүтээлийг маань худалдан авч байсан нь Эрдэнэт хотноо оюунлаг уншигчид олонтой байдгийг илтгэнэ. Тус хотод байдаг технологийн коллежийн захирал "Монгол ухааны жимээр бэдрэхүй" номоор багш нарынхаа дунд хэлэлцүүлэг зохион байгуулж заавал уншихыг "үүрэгдсэн" гэсээр цөөнгүй багш уг номыг худалдан авч гарын үсэг зуруулж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлэв.

Нэр зүсийг нь мэдэхгүй тэр захирал ямар ч байсан сэтгэлийн ахуй орны агаар над лугаа ижил нэгэн байж таарна хэмээн бодож суухад тааламжтай байлаа.

"Би дөрвөн уулынхаа дундахь дуун хөрвүүлэгч
Би Туулын бургасныхаа үндэс мөчир." гэсэн шүлгийн мөртүүд сэтгэлд байнга эгшиглэж байдаг болохоор унтаад сэрэхэд л саначихсан байдаг Улаанбаатар хотынхоо зүг хөлгийн жолоогоо заллаа даа.

Хойтонгийн өдийд Эрдэнэтийн оюунлаг залуустайгаа дахин уулзахын ерөөл талбия.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар