Ном бол нийгмийн соён гэгээрэл, мэдлэг боловсрол, эрдэм мэдлэгийн үндэс юм. Дэлхийн 100 гаруй улс оронд Төрийн дэмжлэгтэйгээр үндэснийхээ төдийгүй олон улсын чанартай номын баярыг зохион байгуулдаг уламжлал тогтсон байдаг. Ард иргэдийг номонд дуртай болгон ном унших соёлыг дэлгэрүүлэх зорилгоор номын баярыг тэмэглэлт өдрүүдийн нэгээр хуульчлан оруулах төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар танхимд амжилттай болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэгт зохиолч, хэвлэн нийтлэгч, орчуулагч, хэвлэлийн байгууллага, номын сан, ТББ, номын клубуудын төлөөллүүд хүрэлцэн ирж ирээдүйн ном, соёлын бодлогод номын баярын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж энэхүү хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт: ОХУ-ын номын бодлого сэдвээр Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны доктор О.Чинбаяр, Төр үндэсний уран зохиолоо хэрхэн дэмждэг вэ? сэдвээр “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан, Номын баяр олон улсад сэдвээр зохиолч, сэтгүүлч Н.Энхсайхан, Хил хязгааргүй номын сан сэдвээр Монголын Номын Сангийн Холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Бид хэрхэн номын баяртай болсон бэ? сэдвээр “Номын соёлт ертөнц ТББ-ын тэргүүн” Б.Сувд нар илтгэл тавьлаа. Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан: Номын соёлт ертөнц ТББ. 2019.12.12