38 ДАХЬ УДААГИЙН НОМЫН БАЯР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд 38 дахь удаагийн Номын баяр 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын төв талбайд, Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Номын баярын гол зорилго нь нийтийн уншлагын соёлыг дэмжих, номын сангийн өв санг баяжуулах, хүүхэд залуусын боловсрол, эрдэмд тэмүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Сувд нар оролцож, баярын үг хэлэн, шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар баярыг нээж энэ жилийн номын баярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Мэргэн ном” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлийг туурвисан зохиогч Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарт шагналыг гардууллаа. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам салбарын шагналуудыг гардуулан, шагналтнууддаа баяр хүргэлээ.

Соёлын тэргүүний ажилтнаар сэтгүүлч, редактор Ц.Бадамсүрэн, орчуулагч, хэвлэлийн ажилтан Б.Эрдэнэбаяр нар тодорсон бол Соёлын яамны жуух бичгээр сэтгүүлч, редактор, орчуулагч Ү.Мөнхзул шагнагдав.Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Номын грант” шагналын эзнээр зохиолч, яруу найрагч Г.Аюурзана тодорч, шагналыг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа гардууллаа. Мөн нэр бүхий 15 хүүхэд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа.

Номын баярын уламжлалыг 20 жилийн турш тасралтгүй үргэлжлүүлж, оюуны гэгээрлийн их үйлсийг бүтээж буй “Номын соёлт ертөнц” ТББ болон бүх хамтран ажиллагч байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар