Уншдаг үндэстэн

Монголчуудын нэгэн том тэмдэглэлт баярын тоонд “Номын баяр” зүй ёсоор тооцогдох болжээ. Энэ баярын 33 дахь удаагийнхыг 2023 оны тавдугаар сарын 26-28-нд монголчууд уламжлал ёсоороо нийслэлийн төв талбайд гурван өдөр тэмдэглэж өнгөрүүлэв.

Цахимжсан шинэ цагийн асар хурдтай өөрчлөлт, технологийн хүчтэй дайралт дундаас цаасан ном бүтээлийг аварч үлдэх, бичгийн мэргэдийн үлдээсэн туурвисныг балруулж мартагнуулахгүй байх, ном уншдаг дадал хэвшлээ орхихгүй байх нь зөвхөн монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний нэгэн том даваа болсон. Бидний хувьд энэ давааг туулж гарахад оролцоо өндөртэй байх маш чухал арга хэмжээ “Номын баяр” 18 дахь жилдээ 33 дахь удаагаа зохиогдлоо.  

Монголчуудын оюуны соёл, уламжлалд ном бүтээлийг өргөн дээдэлдэг язгуур чанар бий. Номын баяр жилээс жилд хүрээ тэлж, хүчээ авч байгаа нь нэгэн талаар тэрхүү язгуурын оюунлаг, бичиг соёлын маш эртний түүхтэй түмэн гэдэгтэй салшгүй холбоотой. Эс бөгөөс энэ арга хэмжээ ийнхүү үндэсний  хэмжээний томоохон баяр болтлоо өргөжин дэлгэрэхгүй байх байсан биз ээ.

Соёл гэгээрлийн өндөр ач холбогдолтой энэ баярт монголчууд бүх нийтээрээ, нэн ялангуяа зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгч бичгийн хүмүүс идэвхийлэн оролцдог болсон байна. Төр засгийн зүгээс ч  ихээхэн анхаарал хандуулах болж. Хойчийн ирээдүйдээ сэхээлэг, оюунлаг иргэн бэлтгэн үлдээхэд энэ баярын хувь нэмэр их юм гэдгийг, үндэстний оюун санаа, боловсрол, ёс суртахууны төлөвшилд үр нөлөө өндөртэй гэдгийг олон нийт ч хүлээн зөвшөөрдөг. Номын баярт оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь номд хандах хандлага, унших эрмэлзэл сэргэж дээшилж буйн тод илрэл буй заа. Номын баярыг энэ жил 200 орчим мянган хүн зорьж ирсэн гэж багцаалсан байна. Нарийвчилсан тоо судалгааг МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран гаргах аж.  Номын баярыг зорин ирсэн хүмүүсийн 50-иас илүү хувь нь хүүхэд залуучууд, мөн 95 орчим хувь нь ном бүтээл худалдан авдаг гэсэн судалгааг өнгөрсөн жил гаргаж байв. Энэ нь уг баярын  хүлээлт хэр байгааг илтгэж буй хэрэг. Номын баярыг одоо хөдөө орон нутагт хүртэл зохион байгуулдаг болж эхлээд байна.

Номын баярын үйл ажиллагааг төр засгийн хэмжээнд дэмжин, ивээл анхааралдаа авч, номын гэрлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа төрийн бус байгууллагынхантай хамтран ажиллах болсон нь мөнөөх монгол түмний уг гарвалаасаа номын сайн мөрийг онцгойлон ойшоодгийн жишээ. Энэ ч утгаараа жил бүр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг уламжлал тогтсон. Мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиндаа 2021 онд энэ баярыг оруулж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ хүртэл тусгасан.  2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Номын баярыг тогтмол тэмдэглэх өдөртэй болсноос хойш энэ баяр үндэсний хэмжээний, цаашлаад олон улсын хэмжээнд хүртлээ өргөжсөн. Баярын агуулга хэлбэр улам өргөжиж, өргөн хүрээнд өрнөдөг болох хэрээр орон нутгаас төдийгүй гадаадаас оролцогчид зорин ирэх болжээ. Өнгөрсөн жил л гэхэд ОХУ-ын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн. Харин энэ удаагийн номын баяраар ирсэн гадаадын гол онцлох зочин нь Францын Дорнын Археологийн институтийн гишүүн,  Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” төслийн гишүүн, Парисын Нантерийн Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач, зохиолч Мари Фавэру байв. Тэрбээр Их Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг бөгөөд 2021 онд бичсэн “Алтан Орд: Монголчууд дэлхийг  өөрчилсөн нь” хэмээх ном нь олон улсад шуугиан тариад буй билээ.

Номын баярын арга хэмжээ зөвхөн ном бүтээгч, зохиогч, хэвлэн нийтлэгч, уншигчид төдийгүй ном бүтээлтэй холбоо хамаарал бүхий олон салбарынхны үйл ажиллагаагаа сурталчлах өргөн хэмжээний уулзалт  болдог уламжлал хэдийнээ тогтжээ. Энэ баяраар шинэ, хуучин номын худалдаанаас гадна урлаг соёлын олон төрлийн арга хэмжээ зохиогдох болсон нь жинхэнэ утгаараа баяр наадам мэт сэтгэгдэл төрүүлэхүйц.

Техник технологийн хурдтай хөгжил цаасан хэвлэлээс алхам алхмаар холдуулж цахим орчин руу хүссэн хүсээгүй хөтөлж байна. Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг, ахуйн хэрэгцээ шаардлагаас цаасан хэвлэл, ном бүтээл шахагдан гарахын ирмэг дээрх үед энэ баярыг онцгойлон дэмжиж өргөжүүлж байгаа нь бидэнд нэгэн олз билээ. Цахим хэрэглээ газар авсан энэ үед цаасан хэвлэлийн үнэ цэнийг өсгөж, ном бүтээлийг нийтэд түгээн сурталчлах хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ бол Номын баяр болж байна.

Билэг оюунт бичгийн их хүмүүсээ дээдлэн хүндэлж, ном судраа үнэт эрдэнэсээр бүтээн, торгонд ороон баринтаглаж, шүтээн болгон дээш залдаг, номыг хоёр гардан авч, магнайдаа адисладаг тийм нандин уламжлалыг монголчуудаас харж болох билээ. Мөн эрдэм оюун ихт хүмүүнийг “Номтой хүн” гэлцдэг. Монголчуудын ном эрдмийг шүтэж ирсний нэгээхэн илрэл нь энэ. Үүний сацуу хэл соёлын өндөр их чадвартай хүмүүс гэдгийг гадна дотны эрдэмтэн судлаачид тодруулан үнэлдэг юм.

Монголчуудын соёл уламжлалын нэг тод өнгө нь бичиг үсэг, бүтээл туурвил зүйн асар эртний улбаа түүх. Монголчууд мянгаад жилийн өмнө бичиг үсэгтэй болсон бөгөөд тэртээ 13, 14-р зууны үеэс л дайн байлдааны гавьяа түүхээ, баатарлаж явсан домогт эрсээ магтан дуулсан зохиолуудыг уран дүрсэлж зохиодог байсан ард түмэн. Ингээд үе үеийн өөрчлөлтийг дагаж 15-р зууны үеийн бурхны шажны дэлгэрэлтийг, 18, 19-р зууны үеийн үймээн самуунт жилүүдийн алдаа оноог, 20-р зууны сэргэлтийн жилүүдийн гэгээг бичгийн их эрдэмтэд өнөөдрийн бидэнд сударлаж үлдээсэн байдаг. 20-р зууны эхээр гадаадын зохиол бүтээл орчуулгын их давалгаа эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь тухайн нийгмийн захиалгад бүрэн нийцэж гадны зохиол бүтээлээр дамжуулан монголчууд дэлхий дахинтай эн зэрэгцэн орших сууриа бат бөх болгосон нэгэн гавьяа юм.

Нийгмийг соён гэгээрүүлэхэд номын хүч их оршихыг мэргэд үргэлж сургаж ирсэн байдаг.  Оюунлаг иргэнтэй, ном эрдэмд шамддаг, уншдаг залуустай байж гэмээнэ нийгэм аяндаа зөв урсгал, голдиролд явдаг гэдэг. Өнөө үеийн технологид хэт төвлөсөн байдал нь уламжлалт ном хэвлэл буюу цаасан хэвлэлийг аажмаар шахах хандлага байсан. “Байсан” гэдэг нь одоо монголчууд энэ аюулаас алхам холдож байгаа юм. Учир нь ном уншдаг, номыг түгээн дэлгэрүүлдэг, номыг эрхэмлэдэг соёлдоо “Номын баяр”-ын тусламжтайгаар эргэн нэгдэж байгаа гэж хэлж болно. Нэг ёсондоо оюуны дархлаа сайтай иргэнийг төлөвшүүлэхэд энэ баяр нэмэр тус болж буй хэрэг.

Монголчуудын эртний сэтгэлгээнд хүн болохын эх нь хүмүүжил, хүмүүжлийн үндэс нь эрдэм ухаан, эрдэм ухааны суурь нь уншиж мэдэх гэсэн хандлага төлөвшсөн байдаг. Монголчуудын уугуул ёс заншил, соёлтой холбогдсон нэн эртний сэтгэлгээний илэрхийлэл нь бичиг үсгийн соёл. Ямагт эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийнхээ тэргүүн оройд эх хэлээ залдаг. Их гүрнүүдийн дунд тод хэвээр байгаагийн, үндэсний дархлаа сайтай байгаагийн нэгэн гол шалтгаан нь энэ. Тийм ч учраас Номын баярын үйл ажиллагаа бол ирээдүйд энэ улсын гал голомтыг сахин үлдэх иргэдийнхээ өмнө хийж байгуулж буй гавьяа гэж магтахаас өөр арга үгүй. Уншдаг үндэстэн хэвээр үлдэх баталгаа болж улам өргөжих буй заа.

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. 

Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...

Монгол Улсын төрийн гурван удаагийн соёрхолт,

Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар